“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 1072 ХУВЬЦААНД НОГДОЛ АШИГ ОЛГОНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 онд ₮1.1 их наядын цэвэр ашигтай ажилласныхаа 71.5 хувийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүйг МУ-ын онцлох үйл явдал хэсгээс уншаарай.

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ!


Хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад тань туслах үнэн бодит мэдээлэл, судалгаа шинжилгээнд суурилсан “Тоймлоё - Эдийн засаг, зах зээл, боломжууд” товхимлыг хүргүүлж байна.


ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

  • “Монголын хөрөнгийн бирж” ХК 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 43.44 төгрөгийн ногдол ашиг тооцож, нийт 15.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ гурав дахь жилдээ хуваариллаа.
  • “Nvidia”-ийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт 208.26 ам.долларт хүрч, компанийн зах зээлийн үнэлгээ 5 их наяд ам.долларыг даван өнгөрсөн оны аравдугаар сараас хойших дээд түвшинд хаагдлаа.
  • Apple компанийн ТУЗ 2026 оны 9 дүгээр сарын 1‑нээс Тим Күүкийг ТУЗ-ийн дарга, харин Хардвэр инженерчлэлийн ахлах дэд ерөнхийлөгч Жон Тэрнусыг компанийн шинэ Гүйцэтгэх захирал болгохоор шийдвэрлэлээ.
  • “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” сэдэвт үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг 2026 оны 4 дүгээр сарын 22-нд Дорноговь аймгийн Замын‑Үүд суманд зохион байгуулагдаж, 250 гаруй иргэнийг хамрууллаа.

  • Илон Маск “X” платформыг санхүү, төлбөр тооцоо болон хиймэл оюуны туслахыг нэгтгэсэн “супер апп” болгон шинэчилж, “X Money” нэртэй санхүүгийн үйлчилгээгээ нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа зарлалаа.
  • Монгол Улс Казахстанаас жилд нэг сая тонн буюу 7.33 сая баррель газрын тос импортлохоор тохиролцсон нь шатахууны хангамжийг олон эх үүсвэртэй болгох, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх чухал алхам боллоо.
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Францын Элчин сайд болон Эдийн засаг, сангийн яамны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

✨ ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ 

🏆 Үнэт цаасны давуу тал: 


✅ Үнэт цаас гаргагч: Ти Эм Эл Пластик ХХК
✅ Тогтмол хүүтэй нээлттэй бонд (биржийн зах зээл)
✅ Хүүгийн төлөлт тогтмол – хагас жил тутам
✅ Хөрөнгөө найдвартай өсгөх боломж

✅ Хүүгийн орлогын татвар: 5%
✅ Транчийн нөхцөл (жилийн хүү):

 • 18 сар – 10.0%
✅ Sustainable Fitch ESG ratings: "Excellent"


👉Та доорх холбоос дээр дарж мэдээллээ оруулснаар манай хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүд тань руу холбогдож үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээлэл болон арилжаанд оролцох заавар хүргэх болно.


📞 Холбоо барих: 7010-0261, 8008-8704

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ


МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРСАН БЭ?

  • Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 51,318.49 нэгжид хүрч 1.41 хувийн өсөлттэй хаагдлаа. 

  • Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд МХБ нийт 13,972 хэлцэл гүйцэтгэсэн ба хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13,354.73 тэрбум төгрөг болжээ.

  • "Оллоо" ХК-ийн хувьцааны үнэ долоо хоногийн 22.22 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их өсөлттэй хувьцаагаар тодров. Харин "Монгол нэхмэл" ХК-ийн ханш -19.54 хувиар унаж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их уналттай хувьцаа боллоо.

МУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ДЦС-5 БОЛОН ТРАМВАЙ ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хурлаар Улаанбаатар хот 2027 онд дотоодын үнэт цаас гаргаж, томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бодлогын баримт бичгийн хүрээнд нийслэл нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөсөн бөгөөд уг санхүүжилтийг Дулааны V цахилгаан станцад 250 тэрбум, Улаанбаатар трамвай төсөлд 50 тэрбум төгрөгөөр хуваарилахаар тооцоолжээ.

Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулаанаар хангах, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ барилгын үед 1,600 орчим, ашиглалтад орсны дараа 300 гаруй ажлын байр бий болохоор тооцоолсон байна. Харин Улаанбаатар трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн DBFOT загвараар хэрэгжүүлж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчих хугацаа болон нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилготой бөгөөд уг асуудлыг ирэх долоо хоногийн НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

 

МОНГОЛ–КАЗАХСТАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БҮХ ТАЛААР ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа, эдийн засаг, банк‑санхүү, эрчим хүч, хот байгуулалт, эрүүл мэнд, эрдэс баялаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг салбарыг хамарсан 18 баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн “Монгол Улс–Евроазийн эдийн засгийн холбоо”‑ны чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан Замын зураглал боловсруулах, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохиролцов.

Холбоо, тээвэр‑логистикийн чиглэлд 6 дугаар сараас “Скат” авиакомпани Улаанбаатар–Астана чиглэлд шууд нислэг эхлүүлэх, Баян‑Өлгий–Өскемен чиглэлийн нислэгийг сэргээх, Баян‑Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар ярилцжээ. Мөн зам, тээврийн салбарын саад бэрхшээлийг арилгаж, логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

Худалдааны хүрээнд Монголоос ноос, ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн, харин Казахстанаас жимс, хүнсний ногоо, улаан буудай зэрэг нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилт тавьж, Бизнес форумын үеэр 20 гаруй сая ам.долларын гэрээ, хэлцэл байгуулжээ. Түүнчлэн байгаль орчны хамтын ажиллагааг өргөжүүлж, “Тэрбум мод”‑ыг “Хоёр тэрбум мод” санаачилгатай уялдуулах, “Усны олон улсын байгууллага” байгуулах санаачилгыг дэмжих, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон бөгөөд төрийн тэргүүн нарын хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилсан нь хамтын ажиллагааг идэвхжүүлэх улс төрийн өндөр түвшний эрмэлзлийг илэрхийллээ.

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 1072 ХУВЬЦААНД НОГДОЛ АШИГ ОЛГОНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 онд ₮1.1 их наядын цэвэр ашигтай ажилласныхаа 71.5 хувийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэжээ. Үүний хүрээнд иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг ₮65.55 байхаар тооцоологдсон бөгөөд нэг иргэнд нийт ₮63,242 төгрөг олгох юм. Ногдол ашгийг энэ долоо хоногоос эхлэн олгохоор төлөвлөсөн байна.

Энэхүү шийдвэр нь компанийн ашигт ажиллагаа сайжирч, төрийн өмчит компанийн ашгийн хуваарилалт бодит үр дүн болж байгааг харуулж байна. Мөн иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчийн өгөөжийг бодитоор мэдрүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 🌍

  АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

ЭДИЙН ЗАСГИЙН ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТ АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДЭМЖЛЭЭ

​Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн ихэнх индексийн хувьд өсөлттэй хаагдаж, зарим нь шинэ дээд түвшинд хүрлээ. Хиймэл оюун ухаантай холбоотой хувьцааны эрэлт, компаниудын ашиг орлогын тайлан болон макро эдийн засгийн үзүүлэлтүүд нь АНУ–Ираны мөргөлдөөнтэй холбоотой тодорхойгүй байдлыг тодорхой хэмжээнд даван туулахад дэмжлэг болов.


Долоо хоногийн эхээр геополитикийн эрсдэл дахин нэмэгдэж магадгүй гэсэн болгоомжлол зах зээлд сөргөөр нөлөөлсөн ч гал зогсоох хэлэлцээр сунгагдсан мэдээний дараа хувьцаанууд дахин сэргэв. Компаниудын эхний улирлын санхүүгийн тайлангийн үр дүн үргэлжилж, тайлагнасан S&P 500 компанийн 84% нь таамгаас давсан үзүүлэлт гаргасан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дэмжлээ.


Макро эдийн засгийн хувьд гуравдугаар сард АНУ‑ын жижиглэн худалдааны борлуулалт өссөн нь голлон шатахууны үнийн огцом нэмэгдэлтэй холбоотой байлаа. Гэсэн ч хэрэглэгчид ирээдүйн эдийн засгийн төлөвт болгоомжтой хандаж, хэрэглэгчдийн итгэл сул хэвээр үлдсэн бөгөөд инфляц цаашид өсөх хүлээлт нэмэгдсэн байна. 

  ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ УНАЛТТАЙ ХААГДЛАА

​Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл геополитикийн эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор бууралттай хаагдаж, STOXX Europe 600 индекс 2.54%-иар унав. АНУ–Ираны хэлэлцээр гацаж, Ормузын хоолой ихэнхдээ хаалттай хэвээр байсан нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлуулахад хүргэлээ. Томоохон индексүүдээс Германы DAX, Италийн FTSE MIB, Францын CAC 40 болон Их Британийн FTSE 100 бүгд 2–3%-иар буурлаа.


Макро эдийн засгийн талаас Германы бизнесийн итгэл цар тахлын үеэс хойших хамгийн доод түвшинд хүрч, үйлдвэрлэл, худалдаа, барилгын салбаруудын хүлээлт огцом муудсан байна. Францад хэрэглэгчдийн итгэл мөн эрс буурч, Украйны дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй уналтыг үзүүлжээ. Испанид үйлдвэрлэгчийн үнэ эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан огцом нэмэгдсэн нь инфляцын дарамт хэвээр байгааг харуулсан байна.

  ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

ГЕОПОЛИТИКИЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДЛЫН ДУНД NIKKEI ИНДЕКС ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

​Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээл холимог гүйцэтгэл үзүүлж, Nikkei 225 индекс 2.12%-иар өсөн түүхэн дээд түвшинд хүрлээ. Технологи болон хиймэл оюун ухаантай холбоотой хувьцааны өсөлт нь Nikkei‑ийг дэмжсэн ч АНУ–Ираны энхийн хэлэлцээ гацсан хэвээр байгаа нь зах зээлд тодорхойгүй байдлыг үргэлжлүүлэв.


Гуравдугаар сард хэрэглээний суурь инфляц 1.8% болж өссөн нь эрчим хүч, ялангуяа шатахууны үнийн нэмэгдэл бодит эдийн засагт нөлөөлж эхэлснийг харууллаа. Засгийн газрын түлшний татаас инфляцын дарамтыг хэсэгчлэн зөөлрүүлсэн ч үнийн эрсдэл өсөх хандлагатай хэвээр байгаа юм.


Энэ нөхцөлд Японы Төв Банк ойрын хугацаанд бодлогын хүү өөрчлөхөөс зайлсхийж, “ажиглах” байр суурь баримтлах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 2.44%-д хүрч өссөн бол иен ам.долларын эсрэг 160 түвшинд дөхсөн нь валютын зах зээлд интервенц хийх эрсдэлийг дахин анхааралд оруулав.

  ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

AI ШИНЭЧЛЭЛ, БОДЛОГЫН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ХЯТАДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДЭМЖИВ

​Өнгөрсөн долоо хоногт Хятадын хөрөнгийн зах зээл тогтвортой арилжаалагдлаа. CSI 300 индекс 0.86%, Shanghai Composite индекс 0.70%-иар тус тус өссөн бол Хонконгийн Hang Seng индекс 0.70%-иар буурсан гүйцэтгэлтэй хаагдлаа. Макро бодлогын талаас Хятадын Ардын Банк бодлогын хүүгээ 11 дэх сардаа дараалан өөрчлөлгүй хадгалж, эдийн засгийн өсөлтийн одоогийн чиглэлд итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэхүү шийдвэр нь 2026 оны I улирлын ДНБ 5.0%-иар өссөн үзүүлэлт гарсны дараа богино хугацаанд томоохон дэмжлэг үзүүлэх шаардлагагүй гэсэн дохио болов.


Гадаад бодлогын хүрээнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин АНУ, Израиль, Ираны хооронд гал зогсоох, Ормузын хоолойг дахин нээхийг уриалсан нь бүс нутгийн эрчим хүч, худалдааны эрсдэлийг намжаахад чиглэсэн алхам байлаа. Үүний зэрэгцээ Хятадын AI стартап Deepseek шинэ үеийн хиймэл оюуны загварын туршилтын хувилбарыг танилцуулж, дотоодын технологийн салбарт дахин анхаарал татав. Гэсэн ч дотоод өсөлтийн шинэ хөшүүрэг хязгаарлагдмал, гадаад эрсдэл хэвээр байгаа нь зах зээлийн өсөлтийг тогтуун түвшинд барьсаар байна.

МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТАРХАХ ХУВААРЬ | 2026.04.27 - 05.01

🔎 ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

“Дотоодын бонд” — нийслэлийн дэд бүтцийг санхүүжүүлэх шинэ түвшин үү, эсвэл өрийн эрсдэл үү?

Нийслэлийн 300 тэрбум төгрөгийн дотоодын үнэт цаас гаргах төлөвлөгөө нь хоёр талтай. Эерэг талаас нь харвал дэд бүтцийн том төслүүдийг дотоодын хуримтлал (банкнууд, даатгал, тэтгэврийн сан, байгууллагын хөрөнгө оруулалт, иргэд)‑аар санхүүжүүлэх боломж нэмэгдэж, зах зээл дээр урт хугацааны өгөөжийн жишиг (yield benchmark) үүсэхэд тустай. ДЦС‑5 шиг үйлдвэрлэлийн үндсэн хүчин чадлыг сайжруулах төсөл нь цаашлаад хотын бизнесийн орчин, эрчим хүчний хүртээмж, агаарын чанарт “суурь” нөлөө үзүүлнэ.

Нөгөө талаас, бонд бол “өнөөдөр мөнгө босгоод, маргааш төлөх амлалт” учраас өрийн тогтвортой байдал гол асуудал болно. Хүүгийн түвшин өндөр үед шинэ бондын өртөг өсөж, төсвийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй. Иймээс (i) бондын хугацаа‑хүүгийн бүтэц, (ii) төсвийн орлогын бодит төлөв, (iii) төсөл хэрэгжилтийн сахилга бат (хугацаа, өртөг хэтрэлт) нь амжилтын “түлхүүр” юм. Ялангуяа трамвай төсөл DBFOT загвартай тул гэрээний нөхцөл, орлогын таамаглал, үйлчилгээний түвшин зэрэг нь урт хугацааны үр ашигт хүчтэй нөлөөлнө.

🧑‍🏫 ТАНЫ МЭДЛЭГТ |  Нийслэлийн бонд (Municipal bond) гэж юу вэ?

Нийслэлийн бонд (Municipal bond) гэдэг нь хот, орон нутгийн захиргаа дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчдаас мөнгө татахын тулд гаргадаг өрийн үнэт цаас юм. Бонд худалдан авсан хөрөнгө оруулагч нь тодорхой хугацаанд хүүгийн орлого авч, хугацаа дуусахад үндсэн хөрөнгөө буцаан авна.

Нийслэлийн бонд юунд ашиглагддаг вэ?

Нийслэлийн бондын санхүүжилт ихэвчлэн дараах урт хугацааны өгөөжтэй төслүүдэд чиглэдэг.

  • Эрчим хүч (цахилгаан, дулааны станц, дэд станц)

  • 🚊 Нийтийн тээвэр (трамвай, метро, автобусны шугам)

  • 🏙️ Хот байгуулалт (зам, гүүр, инженерийн шугам сүлжээ)

  • 🌱 Байгаль орчин (агаарын бохирдол бууруулах, ногоон төсөл)

👉 Эдгээр төслүүд нь шууд ашиг олгохоос илүүтэй нийгэм, эдийн засгийн суурь нөхцөлийг сайжруулах зорилготой.

Давуу болон анхаарах эрсдэл:

Давуу тал

  • Дотоодын хуримтлалыг бодит төсөл рүү чиглүүлнэ

  • Хотын дэд бүтэц сайжирч, эдийн засгийн идэвх нэмэгдэнэ

  • Капитал зах зээлийг гүнзгийрүүлж, урт хугацааны өгөөжийн жишиг бий болгоно

⚠️ Анхаарах эрсдэл

  • Өрийн хэмжээ зохистой түвшнээс хэтрэх эрсдэл

  • Төсөл хугацаандаа ашиглалтад орохгүй бол төлбөрийн дарамт нэмэгдэнэ

  • Ил тод тайлагнал сул байвал хөрөнгө оруулагчийн итгэл алдагдана

Logo

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

⚠️ Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн харилцагчдад мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаас худалдах, худалдан авах санал биш юм. Мэдээллийн үнэн бодит байдалд шаардлагатай хяналт хийгдсэн ч баталгаа өгөхгүй. Уг мэдээллийг ашигласнаас үүссэн аливаа хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.